Хэрвээ бид хайрцаглагдаагүй бас цэгцтэй сэтгэлгээтэй бол юун Эйнштейн, Стивен Хокинг...

Сэтгэлгээний арга зүйг нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглах талаар "TUS солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Хүн бүр л асуудалтай, асуудлаа шийдмээр байна гэж ярьдаг даа. Тэгвэл асуудал гэж чухам юу юм бэ?

-Асуудал бол аливаа шалтгааны үр дагаврын илрэн гарч байгаа шинж тэмдэг юм. Бид өдөр тутамдаа асуудал гэж их ярьдаг, үүнийг шийдэх хэрэгтэй байна гэдэг. Гэтэл хүмүүс асуудал гэдгээ, чухам юунаас үүссэнийг, шалтгаан нь чухам юу вэ гэдгийг мэддэггүй. Тэр үүсгэгч шалтгааныг олохгүйгээр ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжгүйд учир байгаа юм. Асуудлыг хүний биетэй жишиж үзье л дээ. Хүүхэд халуурч байна гэж бодъё. Энэ бол асуудал мөн. Халуурсан л бол хүүхдийн бие, организмд ямар нэг доголдол гарсан гэсэн үг. Зарим хүн халууныг эмээр л намдаах гээд байдаг. Уг нь чухам юунаас шалтгаалж халуурсаныг олж оношилж мэдэж байж эмчлэх ёстой. Үүн шиг аливаа асуудлыг үүсгэж байгаа суурь шалтгааныг олох нь өнөөгийн бидний сэтгэлгээний түвшинд их цаг хугацаа шаардсан, төвөгтэй ажил. Тийм ч учраас ихэнхи тохиолдолд оюун ухаандаа тунгааж үздэггүй, эсвэл асуудлын оношлогооны дүгнэлтээ буруу гаргадаг. Харин сэтгэлгээгээ цэгцэлж чадвал аливаа асуудлын шалтгааныг олж тогтоох тийм ч төвөгтэй ажил биш.


Өнөөдөр бид олон олон асуудалтай нүүр тулж, түүнийгээ шийдвэрлэж чадахгүй байгаа нь ч бүгд бидний сэтгэлгээнээс үүдэлтэй. Бид бүх зүйл дээр мэдэмхийрдэг. Чингисийн удам, монгол ухаан гээд л хийрхэнэ.Үнэндээ бидний мэдэхгүй зүйл нь дэндүү их. Бид үүн дээр нэмээд бас мэдэхгүйгээ нуудаг. Ядахдаа бид мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч жагсаан бүртгэж сурмаар санагддаг. Хүн бүр шүү дээ. Тэгээд тэр мэдэхгүй зүйлээ мэдэж ойлгож байж асуудлаа шийдэх ажил руу ордог баймаар байна. Бид бүгдээрээ мэдэмхийрдэг учраас аливаа дүгнэлтийг маш хариуцлагагүй хийчихдэг. Нэг жишээг татъя. Эртний Грекчүүд хамгийн ухаантай хүнээ тодруулахаар болж л дээ. Тэд бүгдээрээ Сократ /гүн ухаантан/ гэдэгтэй санал нийлцгээж. Гэтэл Сократ тэдний саналыг үгүйсгэдэг. Ингэж маргасаар эцэст нь гүн ухаантан “Би хамгийн ухаантай хүн мөн юм байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Үндэслэл нь Сократ юу мэддэггүй гэдгээ мэддэг хүн учраас хамгийн ухаантай нь байв. Гэтэл бусад суутнууд нь өөрсдийгөө бүхнийг мэддэг гэдэгтээ итгэчихсэн зүтгээд байсан хэрэг.

-Өнөөдөр хүмүүс  сонин хэвлэлд, сошиалд хэн нэгнийхээ үйлдлийг судалгаа, оношлогоогүйгээр  дүгнэдэг, тэрхүү дүгнэлт нь хүмүүсийг хуйлруулдаг , нийгмийг давалгаалуулдаг болсон. Үүний шалтгааныг та юу гэж хардаг вэ?

- Дүгнэлт хийнэ гэдэг бол бүхэл бүтэн танин мэдэхүйн процесс юм. Үүнийг алдаа мадаггүй үнэн зөв хийхийн тулд зайлшгүй дамжиж хийгддэг логик үйлдлүүд гэж бий. Хамгийн энгийнээр бол дүгнэлт хийхэд шаардлагатай мэдээллээ цуглуулж, түүнийгээ боловсруулах хэрэгтэй. Бас мэдээллээ боловсруулахад хэрэглэсэн аргаа ч бас шалгах хэрэгтэй.
Гэтэл бид энэ зайлшгүй хийх ёстой танин мэдэхүйн үе шат дамжлагуудыг шууд алгасчихдаг. Яг л капитализмыг алгасна гээд 70-80 жил зүг чиггүй “давхисан” шигээ. Энэ сурсан зангаараа бүгдийг алгасах дуртай. Бидэнд маш олон асуудал үүсгэдэг, сөрөг үр дагавар учруулж байгаа хамгийн том дутагдал энэ шүү дээ. Шалтгаан нь бидний сэтгэлгээ маш цэгцгүйд бий. Үүнээс болж бид олон буруу дүгнэлт хийдэг.

-Тэгвэл бид тогтсон сэтгэлгээг яаж цэгцлэх ёстой юм бэ?

-Цэгцлэх нь тийм хүнд зүйл биш. Хүн өөрөө урьдчилан төлөвлөөгүй ч амьдралынхаа явцад танин мэдэх процессыг өөрийн эрхгүй хэрэглэж байдаг. Хүүхдээ сургуульд оруулахын тулд сургалтын чанараас эхлээд төлбөр, сургуулийн орчин, автобус унаа гээд бүх зүйлийг судалдаг. Хүнээс асууж сураглаж хэр сайн сургууль эсэхийг тодруулдаг. Энэ бол мэдээлэл цуглуулж байгаа хэлбэр. Дараа нь тэрхүү цуглуулсан мэдээллээ шалгадаг, бас хоорондоо ярилцдаг. Энэ бол мэдээллээ боловсруулж байгаа хэрэг. Түүний дараа боломжит хувилбаруудаа гаргаж байгаад аль нэгийг сонгоно. Энэ бол шийдвэр гаргаж байгаа хэрэг. Гэтэл гэр бүлээс халиад арай томоохон цар хүрээний үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм уу нийгмийн түвшин дээр очихоороо эдгээр заавал хийгдэх ажилбаруудыг  хийхгүй алгасчихаад эсвэл гурилдчихаад байгаа юм.

ХҮН БҮР ТАНИН МЭДЭХ АРГА БАРИЛД СУРАЛЦАЖ ЭХЭЛБЭЛ СЭТГЭЛГЭЭ ЦЭГЦЭРЧ ЭХЭЛНЭ




Мэдээлэл цуглуулах, боловсруулах нь цаг хугацаа, мэдлэг шаарддаг ажил учраас нэг бол яаж хийхээ мэддэггүй, эсвэл залхуурдаг. Тэгээд л хэн нэгэн нэр нөлөөтэй хүний хэлж байгаа үгээр нийгэм тэр чигээрээ хадуураад явчихдаг. Цаана нь үнэн худал хэлж байгаа эсэхийг тунгаадаггүй. Эсвэл тухайн хүн нэр нөлөөтэй учраас хэлсэн болгон нь үнэн гээд итгэчихдэг. Энэ бол тун аюултай процесс. Уг нь бидний бие биедээ мэдээлэл өгөх үйлдэл бол маш хариуцлагатай үйлдэл юм. Хүнийг үгээр алж ч болно гэж Монголчууд бид ярьдаг даа. Гэтэл зарим хүмүүс би цагаахан хүн, бодсон санасан бүхнээ шулуухан хэлчихдэг гэж өөрийгөө тодорхойлдог. Энэ бол өөрсдийнхөө хариуцлагагүй үйлдлийг цагаатгах гэж оролддог хэлбэр. Зарим нь бүүр давраад хууль гаргаж байгаад бид хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй шүү гэж байгаад үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ, мэдээллээр нийгмийг бужигнуулж, өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж байна.Тэднийгээ дууриагаад бид аливаа сэдвээр ярихдаа гөрдөж, гүтгэж байгаа эсэхээ ч нягталдаггүй. Эргээд хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээдэггүй, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх гээд даналзчихдаг. Үүнээс болж бидэнд маш олон том асуудал үүсч байна. Гэр бүлийн түвшинд гэхэд л бид чинь хүүхдээ  бидний үгэнд орсонгүй гээд зэмлэдэг, гар хүрдэг. Гэтэл бид өөрсдөө бүхнийг мэдэхгүй, бас тэгээд мэддэггүй зүйлээ мэддэггүй шүү дээ. Энэ мэтчилэн маш олон сэтгэлгээний дутагдал бидэнд бий.

-Тэгвэл таны харж буй, бидний хамгийн түрүүнд засвал зохих сэтгэлгээний хамгийн том дутагдал нь юу вэ?

-Бид асуудал үүсгэхэд хүргэдэг сэтгэлгээний төрлийг ангилах гэж үзлээ. Жишээ нь хуучин, бэлэнчлэх, цэгцгүй, ерөнхийлдөг гээд олон дутагдалтай сэтгэлгээ бий. Даанч харамсалтай нь үүгээр зогсохгүй. Хоноцын сэтгэлгээ, хялбарчлах сэтгэлгээ гээд үргэлжилнэ. Энэ болгоны цаана Монголчууд бидний залхуу чанар бий. Ерөөсөө маш бага нөөц, богино цаг хугацааг зарцуулж аливаа тулгарч байгаа асуудал, хүндрэлүүдийг шийдээд  том үр дүнд хүрэх дуртай ард түмэн шүү дээ бид чинь. Гэтэл амьдрал бол бидний төсөөлж, мөрөөдөж байгаагаас их өөр, хатуу хүтүү, сорилт, бэрхшээлүүдийг тулгана шүү дээ. Сэтгэлгээгээ бүхэлд нь өөрчлөх нь нэг өдрийн дотор хийчих ажил биш. Тэгэхдээ л хэн нэг хүн, хэзээ нэг цагт тэр цэгцлэх ажлыг эхлэхгүй л бол бид улам бүр олон төвөгтэй асуудлуудтай тулгарч тамирдана.

Миний бодлоор хүн бүр танин мэдэх арга барилд суралцаж эхэлбэл бидний сэтгэлгээ цэгцэрч эхэлнэ. Үүнийгээ дагаад бидэнд асуудал үүсгэдэг бусад сэтгэлгээний гажуудал, доголдлууд засагдах байх. Бидний бас нэг муухай дутагдал бол өөрөө бүтэлгүйтэлд орохоороо өөрөөсөө бусад бүх хүмүүс, юмсыг буруутгадаг. Бүр эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгаад зогсохгүй, хол ойрын хөршүүд, нар сар, бурхан руу хүртэл буруугаа чихнэ. Гэтэл хамаг хэргийн эзэн нь өөрийнх нь сэтгэлгээ нь гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл мэддэггүй. “Чамд асуудал үүсгэсэн сэтгэлгээ чинь хэвээрээ байгаа цагт чиний асуудал чинь хэвээрээ л байна” гэдэг Эйнштейн хэмээх агуу сэтгэгчийн хэлсэн үг бий. Сэтгэлгээнийхээ доголдлыг хүлээн зөвшөөрч засч чаддаггүй хүмүүс асуудлаа мөнгөөр, эрх мэдлээр шийдэх гэж оролддог. Тийм хандлага нь дахиад өөрт нь түмэн асуудал үүсгэнэ.

-Хуучирсан хэвшмэл сэтгэлгээнээсээ салаагүй байна гэж үү?

-Хуучин нийгмээсээ өвлөж авсан олон хэвшмэл, зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Жишээлбэл Коммунист тогтолцооны  үед хэрэглэгддэг байсан “хүн байхгүй бол асуудал байхгүй” гэдэг ойлголт амь бөхтэй бидний оюун санаанд оршсоор л байна. Санал зөрүүтэй байгаа андаа, хамтрагчаа, өрсөлдөгчөө үгүй хийчихвэл өөрийнхөө асуудлыг шийдчихэж болно гэж үздэг ойлголт л доо.  Их харгис үзэл байгаа биз. 
Бас төр гэхээр л ”Ээ төр минь төр минь гэж халаглаад л , төрийн минь сүлд өршөө” гээд залбираад л, төр бидний хамаг асуудлыг шийдэж өгдөг хаан, удирдагч юм гээд бид итгэчихсэн. Гэтэл орчин цагт төр иргэддээ үйлчлэх үүрэгтэй тогтолцоо болохоос биш удирддаг байгууллага биш болсон шүү дээ. 
Тэр хуучирсан сэтгэлгээнээсээ болоод бид асуудалтай тулгарахаараа  Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг, төр засгийг буруутгадаг. Бүр сүүлдээ бүхний хүслийг биелүүлэгч  хатуу гар хэрэгтэй гэдэг болж. Ухаандаа бол өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэхгүй, хэн нэгнээр шийдүүлж байх гэсэн санаа. Тийм нийгэмд бид амьдарч  байсан шүү дээ.
Бид өдөр тутамдаа бие биедээ мэдээлэл өгч байна. Ингэж санаа бодлоо илэрхийлэх, дүгнэлт, сэтгэлгээгээ сонсгох, дуулгах гэдэг чинь их хариуцлагатай процесс юм. Би хэнэггүй Монгол хүн, цайлган монгол хүн, Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй хүн гээд л санаандаа орсон болгоноо уулзсан болгондоо тараагаад хашгичаад явдаг нь бас л бидний хуучин сэтгэлгээний нэг илрэл юм. Ийм сэтгэлгээний улмаас бие биенийхээ сэтгэлийг шархлуулах, улмаар үзэн ядалт, үл итгэлцэл, дайсагнал, хүчирхийлэлийн үндэс суурийг та өөрөө л тавьж байна гэсэн үг.


-Таны судалгаагаар монголчуудын дунд аль сэтгэлгээ нь илүү давамгайлж байна?

-Бидэнд асуудал үүсгэж байгаа гол үндсэн шалтгаан нь цэгцгүй сэтгэлгээ. Үүнтэй холбоотой сонин юм дуулгая. Оросод Октябрийн хувьсгалаас өмнө Хаант засагтай Орос улсын их дээд сургуульд логикийн хичээл орж байсныг 1918 онд Большвекууд болиулсан байх юм. Бүр сонирхолтой нь 1949 онд Сталин тэр хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж эхэлжээ. Гэтэл 1955 онд Хрущевын санаачилгаар логикийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан. Ингээд хуулийн, цэргийн цөөхөн хэдэн сургуульд хаалттайгаар орж байж.

-Шалтгаан нь?

-Олон нийтэд логик заахыг хориглосон нь учиртай. Коммунизмын үзэл баримтлалтай нь зөрчилдсөн хэрэг. Үүнээс болж хүний танин мэдэх арга барилыг нь хааж байж. Тэгээд ч зөв сэтгэж чаддаг эрүүл саруул ухаантай хүн тухайн тогтолцоонд хэрэггүй, харин бодож чаддаггүй, сохроор дагадаг иргэд коммунизмд хэрэгтэй байсан биз.  

-Тэгвэл манайд?

-Тухайн үед ямар байсныг судлах хэрэгтэй байх. Харин 1970-аад онд бичигдсэн Норовсамбуу хэмээх хүний бичсэн нэгэн сурах бичгийг олж уншсан. Эмгэнэлтэй нь номын онолын хэсэг нь их чанартай болсон мөртлөө онолыг тайлбарлахад авсан жишээнүүд нь дандаа коммунизмын давуу талыг нотлоход чиглэгдсэн байсан тул өдөр тутам логикийн арга барилыг хэрэглэх арга барилд суралцахад төдийлөн нэмэр болохооргүй ном болсон шиг санагдсан.  Дунд сургуульд логикийн хичээл ордоггүй, их дээд сургуульд зарим нь заадаг гэж дуулсан. Логик гэхээр хол хөндий зүйл шиг ойлгодог. Гэтэл логик бол танин мэдэхүйн үйлдлүүдийг алгоритмд оруулчихсан хэлбэр юм.

ШИНЖЛЭХ УХААНЫГ ТАНИН МЭДЭХ, АМЖИЛТ ГАРГАХАД УХААНТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ БИШ, ХИЙСВЭРЛЭН БОДОХ НЬ ЧУХАЛ


-Хүмүүс асуудлын шалтгаанаа яаж олох ёстой вэ?

-Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихсөн тийм арга байдаг эсэхийг би сайн мэдэхгүй. Энгийн логик сэтгэлгээгээр энгийн зарим санааг санал болгож болох юм. Жишээ нь байшин бариулах гэж байгаа айл эхлээд гэр бүлээрээ хэлэлцээд барих байшингийнхаа загвараа гаргадаг. Тэгээд уг загвараа хэлэлцэж нэг хувилбар дээр бүгд санал нэгдээд түүнийгээ шийдвэр болгодог. Үүний дараа зураг төслийнхөө дагуу барилгын компаниар ажлаа хийлгэнэ, баригдаж байгаа байшинг загвар дээр байгаа байшинтай адилхан байхыг  шаардана. Мэдээж гаргасан загвараа харуулж таарна аа даа. Хэрэв загвар гаргаагүй бол юу баримталж байшин бариулах билээ. Үүгээр хүн хүсээд байгаа зүйлээ, зорилгоо нэг загварт оруулаад нэгдсэн ойлголттой болох чухал гэдгийг хэлээд байгаа юм. Олон хүн хүсэл мөрөөдөл, зорилго хоёроо ялгадаггүй. Жишээ нь хүний эрхийн түгээмэл тунхаглал дээрх эрхээ би бүгдийг нь эдэлмээр байна гэвэл энэ бол загвар биш. Энэ бол зөвхөн хүсэл мөрөөдөл. Харин хүсэл мөрөөдөл чинь биелэгдэх боломжтой нөхцөл орчины хэв шинжийг тодорхойлж дүрслэлд оруулж чадвал загвартай болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хэрэв таньд зорьж тэмүүлж байгаа зорилго бий бол түүнийхээ загвараа гаргачих ёстой юм. Гэр бүл дээр гэхэд гишүүд нь юу руу зорьж байгаагаа, хайр, аз жаргал, гэр бүл гэх мэтийн талаарх суурь ойлголтоо тойрч суугаад нэгтгээд  нэг загвар дээр тогтчихвол аз жаргалтай амьдарна.

-Тэгвэл энэ загварыг төр гэдэг ойлголт дээр тайлбарлая л даа?

-Төр гэдэг 3 үсэгтэй нэг үгийг хэлэхээр хүн болгоны толгойд өөр өөр зүйл бууна. Жишээ нь та бид хоёрын төрийн тухай ойлголт загвар шал ондоо байгаа. Ондоо ч байх ёстой. Яагаад гэвэл  бид 2-ын туулж өнгөрүүлсэн амьдрал, олж авсан итгэл үнэмшил, мэдлэг дээр суурилж өөр өөр сэтгэлгээний загвар нь бий болгосон хэрэг. Хэрвээ бид тодорхой нэгдмэл зорилгын дор ороод нэг нийгэмд амьдарч байгаа нь үнэн юм бол бидний төр гэсэн ойлголт нэгдмэл байх шаардлагатай боллоо гэсэн үг. Энэ ганцхан үгээр төр гэдэг ойлголтын бүх хэв шинжийг тодорхойлж чадахгүй. Таниж мэдэхийн тулд маш их мэдээлэл цуглуулах хэрэгтэй, юм унших хэрэгтэй. Үүнийг хийж байгаа хүн хэр олон бол. Бүгд л мэддэг царайлаад явдаг. Тэр мэдэж байгаагаа туйлын үнэн зөв гэж батлахын тулд бусдыг золиосолдог. Үүнээсээ үүдээд уг хүн нэг биш нэлээн хэдэн асуудлыг өөртөө болон өрөөлд үүсгээд байгаа юм. 
Бид системийн загварыг ашиглан Үндсэн хуулинд нийцсэн төрийн оюуны загварыг гаргах гэж оролдож үзсэн чинь болмоор юм билээ.

-Өнөөгийн нийгмийн үндсэн загвар харагдаж байна уу....?

-Бид хүсээд байгаа нийгмийнхээ тухай ойлголтыг цэгцлэх цаг нь ирсэн. Үүнийг хийхгүйгээр манай нийгэм өөрийнхөө бий болгосон асуудлуудын намгаас сугарч гарах боломжгүй. Хийх арга зам нь ч тодорхой. Сэтгэлгээгээ цэгцлэх нь энэ чухал ажлыг хийж гүйцэтгэх цорын ганц арга гэж би итгэдэг. Бид нарын оюун санаанд маш их хог бохирдол хуралдчихаад байна. Хэзээ ч билээ олж уншсан ярилцлага дээр нэгэн гудамж талбайн цэвэрлэгч сурвалжлагчтай ярилцаж байхдаа “Гудамжны хог яах вэ, хүмүүсийн тархин дахь хогийг цэвэрлэмээр байна” гэснийг сонссон. Яг оноод хэлчихсэн байгаа биз. Энэ тархин дахиа цэгцлээгүй цагт өнөөгийн нийгмийн толгойн өвчин болсон агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, гэмт хэрэг, орчны доройтол гээд олон тулгамдсан асуудлууд биднийг зовоосоор, бидний хамаг нөөц боломжийг сорсоор л байх болно. Үүнийг л янзалмаар байна даа.

-Бид яагаад ийм сэтгэлгээтэй болчихсон юм бэ?

-Манай үндэстэн Чингис хааны үеэс эхлээд хэдэн зуун жил дамжсан төвлөрсөн, төр давамгайлсан нийгмийн уламжлалт загвартай. Хаан юм хэлэхээр л асуудал шийдэгдэх зарчимтай. Дараа нь Манжийн төр, сүүлд нь коммунизм орж ирсэн. Үүнээс болоод бидний сэтгэлгээ төр төвтэй болчихсон гэж бодогддог.
 


-Тэгвэл бидний сэтгэлгээний давуу тал?

-Монгол орон 4 улиралтай учраас бид ямар ч гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байдаг. Монголчууд маш богино хугацаанд шийдвэр гаргаж чадна, задгай сэтгэх чадвартай. Задгай гэдэг нь чөлөөтэй, хайрцаглагдаагүй гэсэн үг. Цэгцгүй, замбараагүй гэдгээс тусдаа ойлголт шүү. Энэ давуу талаа алдахгүйгээр хөгжих чухал. Би монгол хүний энэ давуу тал дээр нэмээд сэтгэлгээг нь цэгцтэй болгочих юм сан гэж мөрөөддөг. Цэгцтэй, хайрцаглагдаагүй сэтгэлгээтэй бол юун Эйнштейн, Стивен Хокинг болох байлгүй дээ. Эйнштейн хүртэл өөрөө “Шинжлэх ухааныг танин мэдэх, амжилт гаргахад ухаантай байх нь чухал биш. Хийсвэрлэн бодох нь чухал” гэсэн байдаг. Хийсвэрлэн бодно гэдэг танин мэдэхүйн олон процессыг бүгдийг нь багтаагаад цаашаа виртуал орчинд чөлөөтэй ургуулан бодож задгай сэтгэх хэлбэр. Энэ бол гайхалтай ур чадвар. Европ, Америк , Хятад зэрэг суурин амьдралд урт хугацаанд дасан зохицож амьдарсан улс үндэстэнд төдийлэн байдаггүй чанар.  
Хүний тархи өөрөө гайхалтай машин. Энэ машиныг амжилттай ашиглахад 2 гол нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай, хэрэгтэй. Нэг нь өгөгдөл дата буюу мэдээлэл, нөгөөх нь харьцуулах загвар. Энэ 2 байхгүй бол хүний тархи ямар ч үр ашиггүй. Харин ч зовлон, шаналгаа авчирдаг эд. Хүүхэд нь сураггүй алга болчихсон ээжид үрийнх нь талаар ямар ч сураг ажиг дуулдаагүй байна гэж төсөөл дөө. Тархи нь үргэлж дата/өгөгдөл нэхэж байдаг эрхтэн. Тэр нэхэж байгааг болон датаг /өгөгдлийг/ олж чадахгүй байгаагаа бид байнга мэдэрдэг. Энэ мэдрэмжээ бид санаа зовж байна гэж хэлдэг. Ингэхээр эх хүн хүүхдийнхээ тухай ямар өгөгдөл, мэдээлэлгүй амьд үхсэн гэдгийг ч мэдэхгүй учраас шаналж байгаа хэрэг. Өвчтэй хүн эмнэлэгт очоод шинжилгээ өгнө гэдэг нь дата бий болгож байгаа хэрэг. Харин эмч оношилгоо хийнэ гэдэг нь шинжилгээгээр бий болсон дата /өгөгдлүүдийг загвартайгаа харьцуулаад оношоо тавьдаг. Ингэж өвчин үүсгээд байгаа шалтгааныг  олдог. Хүний тархи шалтгаанаа олчихоор үүнийг шийдэх арга барилаа эрэлхийлнэ, хайна.

ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТООР ӨӨРИЙГӨӨ ХҮЛСЭН Ч ХҮНИЙ ОЙЛГОЛТ ЭРТ ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗААВАЛ ӨӨРЧЛӨГДДӨГ



-Бид энэ тогтсон сэтгэлгээгээ өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Танин мэдэхүйн арга барил, түүний дотор логик сэтгэлгээ, системийн сэтгэлгээний арга барилд суралцахаас эхлэх хэрэгтэй байх аа. Өөрийн зорилгоо тодорхойлох, түүний загварыг гаргаж сурах хэрэгтэй. Төрийн, нийгмийн, компанийн, гэр бүлийнхээ мөрөөдлийн загварыг гаргаад хэрэглэж үзвэл бид их л олон зүйлийг ойлгоно доо. Дараа нь өгөгдөл дата цуглуулж, зорилго руугаа чиглэсэн үйл ажиллагааныхаа давуу, сул талуудыг танин мэдэх хэрэгтэй.
Хувь хүн дээр ярьвал сэтгэлгээгээ цэгцлэх ажлыг хүн ойлголтоо цэгцлэхээс эхэлж болно. Үүнд дээр амжилтанд хүрэхэд зайлшгүй харгалзан үзэх хоёр зүйлийг онцгойлон хэлмээр байна. Нэгдүгээрт хэнбугай ч байсан юм мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Чиний мэдэхгүй маш олон юм байгаа, шуудхан хэлэхэд бүхнийг мэддэг юм шиг царайлахаа больчих. Хоёрдугаарт танин мэдэх арга барилд суралцах. Энэ арга барилд сурахгүй бол асуудал чинь хэвээрээ төдийгүй улам ч олон асуудлаар өөрийгөө ч, өрөөлийг ч хүлнэ. Танин мэдэх аргууд гэдэгт цээжлүүлэх арга биш, харин логик болон системтэй сэтгэлгээний арга барилуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чаддаг ур чадварыг хамааруулан хэлж байна. Үүнийг хэрэглэхэд хялбар болгох загварыг нь бид гаргачихсан. Хэн ч хэрэглээд явж болно. Би чинь байгууллагаа туршилт хийдэг лаборатори болгочихдог хүн. /инээв/ Гаргасан загвар болгоноо туршиж үзсэн. 

Хэрэв тийм арга барилыг хүүхдэд багаас нь суулгачих юм бол ч...?

-Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хөтөлбөр, цаг хугацаа хэрэгтэй байх. Бид хүүхдээ бүр цэцэрлэгийн наснаас нь эхэлж дүгнэлтүүдийг хийх арга барилыг эзэмшүүлэх чухал. Би удахгүй ЕБС-иудаар явж лекцээ унших бодолтой байгаа. Гэхдээ бас нэг анхаарах зүйл бий. Миний  үеийн өөрсдийгөө туршлагатай гэж боддог нөхөд хамаг хэргийг эзэд байгаа юм. Туршлага, нэр хүнд, нөлөөгөөрөө шинэ сэтгэлгээ, түүгээр илрэн гарч ирж байгаа санаа оноог нуг дараад үгүйсгэдэг. Ийм гажуудлаас ангид байх юмсан гэж хичээж л байна.

-Хүн нэгэнт тогтсон хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх боломжтой юу?

-Хэчнээн хэвшмэл ойлголтоор өөрийгөө хүлсэн ч хүний ойлголт эрт орой хэзээ нэгэн цагт заавал өөрчлөгддөг юм. Тэр өөрчлөлт заримдаа их хүндрэлтэй явагдана. Хүний тархи  харьцуулалтуудыг байнга хийж байдаг бөгөөд юмсыг нийцүүлэх гээд оролдож байдаг. Ямар нэгэн юм нийцэхгүй болохоороо шийдэл зогсолтгүй нэхнэ. Заримдаа бид нээрээ тэр чинь тийм юм байна лээ гэж ярьдаг даа. Энэ бол хуучин хэвшмэл ойлголтод нь өөрчлөлт орж байгаа хэрэг. Угаасаа хүний тархинд дата буюу мэдээлэл нь байхад логик үйлдлийг гарцаагүй алдаагүй хийдэг.

-Энэ сэтгэлгээг өөрчлөхгүй цэгцтэй загварт орохгүйгээр манай улс хөгжихгүй нь ээ?

-Хөгжихгүй. Сэтгэлгээний хандлагаас болоод иргэн, нам, байгууллага болгон хоорондоо зөрчилддөг.Гэтэл энэ зөрчил нийгмийн хамаг энерги, нөөц бололцоог сороод байна. Нийгэм задарч унадгийн цаад шалтгаан нь ердөө энэ. Бидний бахархан ярьдаг Монголын эзэнт гүрэн өнөө Англи, Ромын эзэнт гүрэн хаана байна. Бүгд дотоод зөрчлөөсөө болж нуран унасан. Миний яриад байгаа системийн онолын хамгийн давуу тал нь үүнийг онолоор баталчихсан. Бид нарын зөрчил гээд байгаа зүйлийг ухаалгаар шинжилж давуу тал болгож чадвал харин  ч амжилтанд хүрэх гишгүүр болно. Зөрчил гээд байгаа нь хоёр хүн ярилцаад санал нийлээгүйгээс үүсч байгаа зүйл. Ойлголтын зөрүүгээс болоод. Жишээ нь 3 сая Монголчуудыг нэгтгэсэн загвар алга. Ингээд л миний чиний зөв гээд маргадаг. Энэ бол манай нийгмийн нийтлэг дүр төрх алдаа. Үүнийг өөрчлөхийн тулд хэн бүхэнд ойлгомжтой загварыг бид гаргаад байгаа юм. Учир нь загвар гэдэг бидний ойлголтыг нэг болгох хэрэгсэл гэж ойлгож болно. Алтан гадас од хойд зүгийг заана гэдэг шиг зорилгын нэгдсэн загваргүй бол хаашаа яваад байгаагаа бид мэдэхгүй шүү дээ.

-Малайз, Сингапур таны ярьсан ойлголт дээрээ нэгдэж чадсан нь хөгжлийн нууц нь гэдэг байх аа?

-Нийгэм гэдэг бол систем. Системийн үйл ажиллагааг заавал гүйцэтгэдэг, албадлагын шинж чанартай үйлдлүүдээс бүрдүүлэх учиртай. Тэр үүргүүдийг хэрэгжүүлсэн үед зорилго хэрэгжиж оролцогч талуудын эрх нь баталгааждаг. АНУ тэргүүтэй барууныхан эрхийг анхдагч гэдэг. Миний бодлоор эрхийг баталгаажуулах цорын ганц арга бол үүрэг хүлээх. Бид нэгэнт нэг нийгэм,нэг гэр бүл гэж байгаа л бол бие биеийнхээ эрхийг хангуулахын бие биенийхээ өмнө үүргээ хүлээх ёстой. Ингэж хоорондоо уялдаатай, ил тод үүргийн биелэлтийг хангахыг  би эмх цэгц, дэг журам гэж хэлдэг. Тэр Сингапурын жишээнд эмх цэгц, дэг журам нь байгаа юм. Хятад ч бас. Гэхдээ тэнд том том өөр асуудлууд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл дэг журам гэдэг ойлголтыг дарангуйлалтай хольж хутгаж болохгүй. Харин бид эрхээ ярьсаар л, үүрэг хүлээдэг хүн нь үнэндээ ховор. Бидний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийн цаана бидний сэтгэлгээ нэвт харагдаж байдаг. Энэ сэтгэлгээ цэгцтэй биш бол өнөө асуудал зөрчилдөөн хэвээрээ л байна.

-Монголчууд асуудал үүсгэж байгаа сэтгэлгээнээс хэр хурдан салах бол?

-Манай байгууллагын жишээн дээр харахад сэтгэлгээг цэгцлэх ажил их эсэргүүцэлтэй тулдаг. Эсэргүүцэл нь 3 шалтгаантай. Эхнийх нь хүмүүс аливаа  өөрчлөлтөөс дандаа айдаг. Өнөө маргаашийн аргацаасан аргаасаа салах дургүй учраас. Хоер дахь нь хуучин хайрцаглагдсан сэтгэлгээ нь тухайн хүнийг тийм ч амархан чөлөөлдөггүй юм. Гурав дахь нь энэ бол хамгийн зөв өөрчлөлт гэсэн итгэл үнэмшил амархан төрдөггүй. Гэхдээ таниулаад яриад явахад хүмүүс нааштай хүлээж авч байна. Мэдээж өргөс авсан юм шиг нэг өдөр л өөрчлөгдөх зүйл биш. Хүний өөрийнхөө хэмжээнд таньж мэдсэн, итгэж үнэмшсэн  ойлголтын тогтолцоо учраас түүнийг өөрчлөхөд цаг хугацаа их орно. Баабарын хэлдэгээр хэдэн үе хэрэгтэй. Гэхдээ эхлэх нь чухал.

Мэдээллийн эх сурвалж: http://www.peak.mn/news/djargalsaikhan-kherwee-bid-tsegtstei-khairtsaglagdaagui-setgelgeetei-bol-yuun-einshtein-stiwen-khokingg